Орос, Халхыг холбож жингээр амь зуусан олон
Онц ихээр гойд халхажсан өмөгт түмэн
Одоогийн Монголдоо хааяагүй тархсан энгийн олон
Эрдмийн эрхи мэт мөр нь тод гойд
Аяа, би бээр нэг нь болж төрсөн хувьт
Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд!
Омбо ноён Хотогойд түмнээ тусгаар үлдээгээд
Оросууд Сибирийг нээж эхлэх цаг дороо
“Ой, Алтан хан улус!” хэмээн сүрдэж ахуйд
Шишхидийн айд Тагнын тэнгээр дайлан байв л
Булнайн буйдад Дэлгэр мөрний энгээр Халхыг хаяалав л
Тэсийн савд Дооныг эзэгнээд Увсыг захлав л
Нүүрнээс нь далдуур, ханилснаа муулдаггүй журамт эхнэрүүд
Үгэнд дурлаж ахмадын ярианд оролцдоггүй хүүхдүүд
Үлгэр туульсыг тал дунд нь орхидоггүй буурлууд
Чингисийн үлтэрхий Чингүнжав ноёнтноо үлгэрлэн дагаж
Даяар Монголын олон овог аймгаас ялгаран
Дайчин тэмцлээр мөнхөрсөн миний Хотогойд!
Бурханд дээжилж идээ ундаагаа зооглодог нигүүлсэл
Элдвийг агсаж, заам задгайлан айлд ордоггүй хүмүүжил
Эвийг сахиж та, чи, би гурвыг тааруулдаг соёл
Ядуудаа бэлгүйн цухалдал үүрүүлдэггүй өгөөмөр итгэл
Доголондоо хөлгүйн зовлон эдлүүлдэггүй халамж энэрэл
Сохортоо нүдгүйн хяслан амсуулдаггүй үлэмж элбэрэл
Өтгөс дээдсээ хүндэлж алдраар нь дууддаггүй олон
Аажаатай, Найнаатай, ахтай захтай элгэмсэг түмэн
Адиатай, Даадаатай, ёстой жудагтай эвсэг олон
Задарсан бутарсан байлаа ч санаа нийлэх сэхээтэй
Яруу тод, үлгэрлэм эрэлхэг замналтай
Заяа өндөр, хийморь босоо миний Хотогойд!
Цугт нь байлгахаас эмээж таван хошуунд бутаргасан гэмүй
Цөлсөн зарим нь Ховдын хязгаарын мянгадууд ажгуу
Цөөлсөн хэсэг нь Дорнын говийн хөвсгөлчүүд амуй
Цэлгэр нутгийнхаа хаана ч болов байсан
Улс орныхоо тулд үл амсхийн даргих
Удам дамжсан Хотогойд цус яахин аргих...
Алтан намтрыг нь омгорхож дуурсгах миний Хотогойд!